top of page
Elegant Abstract Background

Ep1/30: Алсын хараа

  • Ёоо, Би чамайг одоо ерөөсөө хармааргүй байна.

  • Би ч бас чамайг хармааргүй байна. Явлаа. 


Энэ бол Эрдэнэ бид хоёр Централ тауерийн үүднээс салахдаа бие биедээ хэлсэн үг.  Эрдэнэ бол “Эрүүл хүнс” ХХК-ийн үүсгэн байгуулагч юм. Бид хоёр муудсандаа биш, сүүлийн хоёр хоног хонон өнжин хамт байж, хөрөнгө оруулалтын уулзалтанд бэлтгээд, уулзалтандаа орчихоод  салцгаахдаа хэлсэн үгс. Уулзалтын үр дүн “дажгүй” байв.


Хөрөнгө оруулагч талаас “Компани чинь алдагдалтай ч ирээдүй харагдаж байна. Өмнөх хөрөнгө оруулагчийн тань оруулсан хөрөнгийг 2х хийж гаргая, үүсгэн байгуулагчдийн хувьцааны зарим хэсгийг “сайн” үнээр худалдан авъя. Энэ мөнгөөр хувийн асуудлуудаа шийдвэрлэ. Компанийн чинь богино хугацаат өр төлбөрийг төлье. Гэхдээ бид 51-ээс дээш хувийг эзэмшинэ. Дараа нь нэмж мөнгө оруулаад нэмэлтээр 10% эзэмшинэ. Ер нь цаашдаа үлдэгдэл хувьцааг худалдаж авна” гэв.


Энэ хандлагыг гудамжинд “Компанийг булаах гэж байна” гэх мэт янз бүрээр ойлгодог. Харин Эрдэнэийн хувьд ололттой тал нь тэр хувьцаагаа зарж, бодит ашиг олох болсноо, тэр нь ноогдол ашиг хүлээж суухаас хэд дахин өндөр өгөөж өгөхийг сайтар ухамсарлаж байв.  Энэ талаар “ROI and Net profit matrix” хэсэгт дэлгэрэнгүй яръя. 


Одоо бидэнд өмнөх хөрөнгө оруулагчтайгаа тохиролцох болон бусад жижиг даалгавар үлдэв. Үүсгэн байгуулагч болон одоогийн хувьцаа эзэмшигчдийн нөлөөг эс тооцвол хөрөнгө оруулагчийн зүгээс тухайн компанийн талаарх ирээдүйн төсөөллөө нээлттэй, ил тод илэрхийлж байгаа нь маш сайн хэрэг. 


Компанийн хувьцаа эзэмшигч хоорондын алсын харааны зөрчил нь компанийг дампуурахад хүргэдэг. Энэ бол энэ хэсгээр өгөхийг хүссэн мессеж юм. 


“Tons of Technologies” бол энгийн core tech хийхээр байгуулагдсан IT компани боловч тэд нэг л өдөр  RILP  төслийг хэрэгжүүлэхийг хүссэн. Үүнийгээ санхүүжүүлэх зорилгоор нэр бүхий хөрөнгө оруулагчдаас 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт татан төвлөрүүлж, үйл ажиллагаагаа явуулсан боловч, төсөл ч амжилтгүй болж, одоогоор 600 гаруй сая төгрөгийн өр төлбөртэй үлдсэн. Сонирхолтой төслийн эцсийн үр дүн ийм нөхцөлд хүргэхэд үргэлж зүрх өвддөг. Миний бие нэг хөрөнгө оруулагчийг нь төлөөлж, тус компанид ТУЗ-ын гишүүнээр нь ажилладаг байсан билээ. 


Гадуур “Tons of Technologies”-г RILP төслөөс болж, дампуурах нөхцөл үүссэн гэж ярьдаг боловч сайн судалвал учир шалтгаан нь хувьцаа эзэмшигч хоорондын алсын харааны зөрчил байв. Дампууралд хүргэсэн “том төсөл” нь нэг хувьцаа эзэмшигчийн бусад бизнесүүддээ ашиглаглах санаачилга байсан бол хөрөнгө оруулагч IT компаниуд өөрийн бизнесүүдээ тус төсөлтэй холбохыг хүсч байна. Тэдгээр дижитал санаачилгуудын хажуугаар барилгын компани өөрийн 3D хотыг байгуулах санаачилгаа ил далд илэрхийлсээр байв. Бас нэг койн ч байдаг. Миний төлөөлдөг хөрөнгө оруулагчийн хувьд “Tons of Technologies”-н ирээдүйн үнэлгээ л чухал байв. Жинкэн хөрөнгө оруулагч. Гэвч дээрхи зөрчлийн үр дүнд бусад хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө өдөр ирэх бүр “эрсдэлд” орж байв. Одоо “Tons of Technologies”-д хэн итгэх билээ дээ. 



Батболд гэж иймэрхүү л нөхөр байсан даа.


Хов живэнд дургүй бол дараагийн дөрвөн параграфыг алгасаарай. Би хардалтаа ярих гэж байна. ”Юманд учир бий. Тэрэнд нь учир бий. Тэр учирт нь бүүр их учир бий” гэдэг дээ. Ухаад үзвэл “Tons of Technologies”-ийн нэг хөрөнгө оруулагч болох иргэн Батболд нь тус компанийн мажорити хувьцаа эзэмшигч болохыг хүсчээ. Бүтнээр нь авахыг хүссэнийг ч үгүйсгэх аргагүй. Үүсгэн байгуулагч залуучуудад харин тэр хүсэл нь байсангүйг иргэн Батболд санаагаа ил илэрхийлсэнгүй. Тиймээс тэр “Tons of Technologies”-ийн хөгжүүлж байгаа үндсэн технологийг үндэслэн нөгөө “RILP” төслийг хэрэгжүүлэх саналыг тавив. “RILP” бол “Tons of Technologies”-ийн тухайн үеийн чадамжаас дэндүү ахадсан ажил байсан гэдгийг тэрээр дэндүү сайн мэдэж байв. Аливаа нэг баг, компани ямар нэг төслийг хэрэгжүүлж чадах эсэхийг business intelligence гэдэг зүйлээр тодорхойлдог. Энэ тухай дараа дэлгэрэнгүй бичнэ. Энэ тухай ойлголт Монголд ховор яригддаг ч иргэн Батболд нь мэдлэг, туршлагын хувьд business intelligence-н тухай ойлголтгүй байх учиргүй. Тиймээс ч тэр “RILP” төсөл нь “Tons of Technologies”-д дэндүү ахадсан ажил гэдгийг мэдэж байсан гэж би харддаг. Хөрөнгө оруулалтын хэлцлээ ч оффис түрээсийн бартер, койн гэх мэтийг оролцуулж, өөрийнхөө хувьд “хямдхан” хийж чаджээ. Харамсалтай нь залуу үүсгэн байгуулагчид тэрхүү саналыг хүлээн авсан нь “Tons of Technologies”-н өнөөдрийн асуудлуудын эхлэл болов. Төсөл дампуурч, 500 гаруй төгрөгийн өр төлбөрийн дараа бусад бүх л хөрөнгө оруулагчид үймж, үүсгэн байгуулагчид сандралдаж, зарим нь ажлаа хаян гадагшаа гарч байх үед ТУЗ нэмэлт санхүүжилт татан төвлөрүүлэх зорилго дээр нэгдэв. Өмнөх параграфт “Одоо “Tons of Technologies”-д хэн итгэх билээ дээ” гэж төгссөнийг санаж байгаа биз дээ. 


“Итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор компанийн дунд хугацааны хөгжлийн чиглэл, алсын харааг боловсруулж, хувьцаа эзэмшигчдийн гэрээгээ эргэн харах ёстой” гэсэн санаачилгыг маань ТУЗ дэмжив. Энэ үед иргэн Ихдэлгэрэх “Би хариуцъя. Зургаан сар өгчих” гэсэн саналыг гаргасан нь мөн л ТУЗ-н дэмжлэгийг авав. 


Ингэхэд иргэн Ихдэлгэрэх гэж хэн гараад ирэв? Тэр бол үймээний үеэр өөрийгөө нэр дэвшүүлж, “Tons of Technologies”-гийн ерөнхий зөвлөх болсон нөхөр. Сонирхолтой нь тэрээр иргэн Батболдыг төлөөлж, компанийн ТУЗ-д ажилладаг. Хоржоонтой ч юмаа даа. 


Зургаан сар бол дэндүү урт хугацаа гэдгийг хэн хүнгүй мэдэж байсан ч байж болох ганц гаргалгаа нь тэр байлаа. Миний хувьд дөрвөн долоо хоногийн дотор амжуулах санаачилга гаргасан ч Tons of Technologies-ийн зүгээс санхүүжүүлэх боломжгүй, хөрөнгө оруулагчид ч Tons of Technologies-д нэмэлт санхүүжилт хийх боломжгүй гэдгээ илэрхийлснээр зургаан сарын хугацааг богиносгох миний санаачилга амжилтанд хүрсэнгүй. Алсын хараа нь компанийн үнэлгээний бодит байдлын гурван бүлэг хүчин зүйлсийн нэг юм. 600 саяын өр төлбөр хэвээр хадгалагдаж, компанийн хөгжлийн чиглэл алсын одоог хүртэл тодорхойгүйн дээр хувьцаа эзэмшигчдэд хаалттай байсаар. Үр дүнд нь үнэлгээ нь унасаар. Одоо иргэн Батболд ердөө 3.8 тэрбум төгрөгийг 60 хувь дээрээ босгож байсан, суурь (core) технологио хийчихсэн, 300 гаруй сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, Гүйцэтгэх захирал нь байгаа компанийг ердөө 600 сая төгрөгөөр бүрэн эзэмших боломжтой. Хэрвээ бусад хөрөнгө оруулагчид түүний саналаас татгалзвал компанийн өр төлбөрийг эзэмшиж байгаа хувиараа хуваан төлөх үүрэгтэй болно. Одоо Батболд тохиромжтой цагийг л хүлээж байна. Хоржоонтой байгаа биз. 


Нийтлэг тохиолдолд маш олон бизнесүүд алсын харааг брэндингийн ажлын нэг хэсэг, ханан дээр наадаг гоё үгсийн хэмжээнд төсөөлж, нийтэд сайхан сонсогддог бүхий л уран яруу үгсийн цуглуулга болгож бичдэг. Бизнесийн тодорхой зорилго, хэв маягаас шалтгаалж, алсын хараа нь ямар ч байж болох биз.


Харин бодит өсөлтөнд хандсан хөрөнгө оруулалт татаж, хувьцаа эзэмшигчдийн үр нөлөөтэй харилцаанд орохыг хүсч байгаа бол алсын харааг “тухайн бизнесийн хөгжлийн түвшин, түүнд хүрэх ерөнхий чиглэл, бий болгохоор зорьж байгаа байгаа үнэ цэнийн давуу эсвэл ялгаатай шинж чанарын илэрхийлэл” гэж харах шаардлагатай ёстой. Түүнчлэн алсын хараанд стратегийн хэв шинж оруулах шаардлагатай тул араас нь Road map, үнэлгээний ерөнхий төсөөллийг хийж, тэдгээрийн үндэслэлийг хийх шаардлагатай. Road map, бизнесийн үнэлгээний зорилго, үүсгэн байгуулагчдийн passion бол алсын харааг “амьд” байлгадаг тулгын гурван чулуу. Олон олон үүсгэн байгуулагчдын хайдаг, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын шийдвэрийн хамгийн чухал хэсэг нь энэ юм. 


“Tons of Technologies”-гийн үүсгэн байгуулагч залуучууд энийг ойлгоогүй, өөрсдийн ирээдүйд бүрэн итгэл үнэмшилгүй (Юу хийхээ мэдэж байсан ч яаж хийхээ шийдвэрлээгүй гэх богинохон шинж чанараар тэднийг бүрэн бус гэж тодорхойлов) байснаас болоод тэд өөрсдийгөө, бусад хувьцаа эзэмшигчдийг иргэн Батболдын өмнө хамгаалж чадсангүй. 


Жаргал эгч бид хоёрын “Нүүдэлчин” төсөл дээр үүссэн олон зөрчлийн суурь шалтгаан нь мөн л алсын хараа байсан. Жаргал эгч “Монголдоо 2-3 жил ажиллаад, дараа нь экспортолно” гэж байсан бол би шууд Хятадруу гаргах хэлцлүүдээ эхэлчихсэн “Яг одоо” гэж тодорхойлсноос  үүссэн байв. 


Хөрөнгө оруулагчдын хувьд


Муу алсын хараа: “Дэлхийд гарахыг зорьсон инноваци, технологийн бизнесүүдийн эхний сонголт байна.”


Сайн алсын хараа: “Компани нь нүүрстөрөгчийн тэг ул мөртэй цаас үйлдвэрлэлийн технологид тэргүүлэгч байж, масс үйлдвэрлэл хөгжүүлэн, бүтээгдэхүүн болон технологио экспортлогч, арван тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болсон байна.”


Энэ хоёр алсын харааг сайн муу гэж ялгаж байгаа шалтгаан нь дээр хэлсэнчлэн өрсөлдөөний давуу тал, ирээдүйн бизнес модел, үнэлгээ гурав юм. 


Нөхөд минь, Алсын хараа бол хувьцаа эзэмшигчдийн хамтын ажиллагааны гэрээний салшгүй нэг хэсэг. Хамтран үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчид тухайн бизнесээс мөнгөнөөс гадна яг юу хүсч оролцож байгаа дээр сонирхлоо нээлттэй, ил тод илэрхийлцгээх нь тун чухал. Алсын хараан дээрээ нэгдсэн байр суурьтай болж байж үүсгэн байгуулагчид өөрсдийгөө, болон бусад хувьцаа эзэмшигчдээ Батболд нараас хамгаалж чадна. Бичвэрийн эхэнд дурдсан Эрдэнэ, болон түүний хөрөнгө оруулагч хоёр энэхүү асуудал дээр нэг байр суурьтай байсан нь хэн хэнийх нь хувьд том ололт байсан бөгөөд ирээдүйд бодит өгөөж хүртэх гүүр нь болсон юм. 


Харин Алсын харааг боловсруулах процессийн хувьд алсын хараа нь субьектив хүслийн шинжтэй тул та бүгдэд зохиолч, хүний хөгжлийн сургагч багш, хамт олон чинь хэрэг болохгүй. Алсын хараагаа бичүүлэхийн тулд уран зохиолын багш хөлсөлсөн үйлдвэрийн эзэн жинхнээсээ байсымаа. Тэд явж чи үлдэнэ. Бизнес хөгжлийн эхний үе шатуудад үүсгэн байгуулагчдын оролцоо нь шийдвэрлэх нөлөөтэй болохын хувьд өөрөө л хийх шаардлагатай. Энэ талаар дараа дараагийн бичвэрүүдээр дэлгэрэнгүй яръя. 


Зиа ингээд, санал нийлж байван цагаан цаас, балаа бариад үзээд байж дээ.


bottom of page