Сүүлийн 15 жилд Монгол улсын эдийн засаг хоёр удаагийн том хямралыг даван туулж, эдийн засгийн бүтцийн хоёр өөр загвар бий болсон. Эдийн засгийн хувьд таатай болон эрсдэлтэй олон нөхцөлд байсан хүнсний үйлдвэрлэлийн салбарын борлуулалт тогтмол өсөлттэй байсан. Сүүлийн хоёр жил орчмын хугацаанд үргэлжилж байгаа цар тахлын цаг үед ч тогтвортой байж, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудаас өсөлт ажиглагдсан цөөхөн салбарын нэг байв.
Гэвч нөгөө талд сүүлийн таван жилийн хугацаанд Монгол улсын бизнес регистрийн 88 дэд салбараас хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан компанийн тоогоороо 23-т орж байгаа ч, энэ дунд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эзэлж байгаа хувиараа 67-д орж байна. Энэ нь хүнсний үйлдвэрлэлийн салбар нь зах зээлийн хувьд ашигтай хэдий ч орж ажиллаад үйл ажилагаа явуулахад эрсдэлтэй гэдгийг харуулж байна.
Бидний хийсэн судалгааны үр дүнгээс харахад хүнсний үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажиллахын тулд бүтээгдэхүүн хөгжүүлэхээс гадна үр ашигтай бизнесийн болон үйл ажиллагааны модел хөгжүүлэх шаардлага бүтээгдэхүүн хөгжүүлэлтээсээ дутуугүй тавигдаж байна.
Бизнес модел хөгжүүлэлт дээр олон зүйлийг анхаарах шаардлагатай. Эдгээрийн нэг нь чадавхи хөгжүүлэх юм. Бид хүнсний салбарын компаниудад тогтвортой өсөлтийн нөхцөлөө хангаж, санхүүжилт татахад дэмжлэг үзүүлэхээс гадна тэдгээрийн маркетинг борлуулалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор "BrandOn Creative House" компанитай, олон төрлийн сургалт, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр “Стартап Маркетинг Спэйс” ХХК-тай стратегийн түншлэлийн гэрээ байгуулан тус тус хамтран ажиллаж байна.
Comments